Зохиолч: Даниель Пинк

Хэрэгцээ

Drive
Шинжлэх ухаан нь бизнестэй харьцуулвал хүний талаар илүү ихийг мэддэг нь ийн батлагдаж байна. Хэрэв та энэ номд дурдсан бүхнийг хийхийг хүсвэл өөртөө болон хамт ажилладаг хүмүүстээ бие даасан байдал, ур чадвар, амьдралын зорилгыг бий болго. Ингэснээр та илүү аз жаргалтай амьдрах төдийгүй илүү амжилттай байх болно.

Энгийн шургуулдаг цоож онгойлгохыг хичээж буй мичнээс хүний зан араншингийн талаар бүхнийг мэдэж болно гэж итгүүлэх хүн нь Дан Пинк байг. Урам өгөхөөр юм аа. Мөн хүмүүсийг шагнал, шийтгэлээр сэдэлжүүлж болно гэдэг нь буруу ойлголт гэдгийг хэлэх хүн нь Дан Пинк байг. Магадгүй бид мичнүүдээр удирдуулах ёстой ч юм бил үү.

Мич болон Харлов

Олон жилийн өмнө (1949) Харри Харлов хэмээх эрд сармагчингийн торонд шургуулдаг цоож байрлуулаад түгжвэл яах бол гэсэн бодол төржээ. Хөгжилтэй залуу байсан бололтой, тэрбээр. Үүний дараа юу болсон нь түүнийг шоконд оруулах шахсан байна. Сармагчингууд цоожоор тоглож, учрыг нь олохоор оролдсоны эцэст хоёр долоо хоног орчмын дараа онгойлгож, түгжихдээ гарамгай болжээ.

Эл үйлдлийн юу нь гайхалтай байв гэвэл тухайн цаг үед давамгайлж байсан онолоос ялгаатай байсан нь юм. Өөрөөр хэлбэл, сармагчингуудад ямар нэг шагнал өгч эсвэл шийтгэл ногдуулаагүй атал ийм зан авир гаргаж байв. Учир нь ямарваа зан авирыг тайлбарлах хоёр л хэрэгцээ байдаг. Эхнийх нь амьд үлдэх, бие махбодын хэрэгцээг хангахын тулд бүхнийг хийх биологийн шаардлага. Үүнийг Сэдэл 1.0 гэж нэрлэе.

Хоёр дахь нь тодорхой зан байдал гаргасны төлөө шагнах, шийтгэх зэрэг гаднын өдөөгч хүчин зүйл юм. Ингээд л болоо. Гэтэл энэ хоёр хэрэгцээний аль нь ч тэдгээр галзуу мичнүүдийн хийж байсныг тайлбарлаж чадахгүй байлаа. Тиймээс Харлов тухайн зорилгын агуулж буй урамшуулал буюу гурав дахь хэрэгцээ бий гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Гэхдээ ингээд дуусах болоогүй. Харлов паззл эвлүүлсний төлөө шагнал болгож хоол өгөхөд мичнүүдийн гүйцэтгэл буурч байв. Гэвч тэрбээр нээлт хийхийнхээ өмнө бууж өгсөн олон эрдэмтний адилаар ажлаа бүрмөсөн орхисон аж. Харин сүүлийн 60 жилд маш олон эрдэмтэн Харловын эхлүүлсэн судалгааг сонирхож, үргэлжлүүлэн судалсан боловч нэг л зүйл өнөөг хүртэл хэвээр үлджээ: шинжлэх ухааны мэдэж буй болон бизнесийн мэдэж буй зүйлийн хооронд асар их зөрүү бий.

Дан тус номдоо шинжлэх ухаан мэддэг боловч бизнесийн мэддэггүй 7 ноцтой дутагдлын тухай өгүүлсэн юм. Тэдгээр дутагдал бол: урам зоригийг унтраах, гүйцэтгэлийг бууруулах, бүтээлч байдлыг сүйрүүлэх, зөв зан араншинг үгүй хийх, худал хуурмагийг сайшаах, донтох, түр зуурын сэтгэлгээг дэмжих. Эдгээрийг үгүй хийх талаар дэлхийн аль ч компанийн хурлын өрөөнд байдаг үнэ цэн эсвэл алсын хараанд дурддаггүй боловч бид яагаад эдгээр дутагдлыг бий болгохуйц үйлдлийг хийсээр байна вэ?

Үүнд санаа зовох гэж бүү яар. Учир нь биднийг ингэж л өсгөсөн юм. Сүүлийн 10 жилээс өмнөх бүхий л эдийн засаг нь Сэдэл 2.0 дээр тулгуурлан бүтээгдсэн юм. Хүнийг нэмэлт оролт гэж тооцоод бизнесийг шинжлэх ухаанчаар удирдаж чадна гэж Фредрик Винслов Тайлер заасан. Мэдээж хүмүүс рациональ байдлаар үйлддэг гэж олон эдийн засагч сургасаар ирсэн. Гэвч ийм төрлийн сэдэлжүүлэлт нь Аж үйлдвэрийн хувьсгалын үед буюу нэг ажлыг дахин давтан хийдэг хүмүүсээр дүүрэн үйлдвэрүүдийн нуруун дээр дэлхийн эдийн засаг тогтдог байхад л үйлчилж байсан. Харин тиймэрхүү сэдэл нь өдгөө үр дүнгүй болсон дэлхийд бид амьдарч байна.

1-р Төрөл болон 10-р Төрөл

“Дэлхий дээр хоёр л төрлийн хүн байдаг” гэсэн алдартай үгийн талаар хүн бүр өөрийн гэсэн хувилбартай байдаг биз ээ. Хэрэв Клинт Иствуд байсан бол цэнэглэсэн буутай болон буугүй гэсэн хоёр л төрлийн хүн байдаг гэж хэлнэ. Сет Грийн байсан бол Майкл Жексоны фэнүүд болон азгүй амьтад гэсэн хоёр төрөл бий гэх байлаа. Харин Дан Пинк 1-р Төрөл болон 10-р Төрлийн тухай өгүүлжээ.

10-р Төрөлд багтагчид бол гадны хүчин зүйл буюу шагнал, шийтгэлийн араас хөөцөлдөгчид юм. Ингэх нь бидний амьдралыг таагүй болгож, бүтээмжийг багасгадаг гэдгийг мэддэг ч хүн төрөлхтний ихэнх хувь нь чухам ийм зүйлийн араас хөөцөлдсөөр иржээ.

Харин Дан Пинкийн тодорхойлсон 1-р Төрлийн хүмүүс бол дотоод хүсэл, сэдлээ дагадаг, урт хугацаандаа 10-р Төрлөөс үргэлж илүүг хийж, гүйцэтгэдэг, ерөнхийдөө эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хавьгүй илүү хүмүүс аж.

Эцэст өгүүлэхэд, хэрэв та энэ хоёр төрлийн аль нэг болж төрөөгүй бол таныг тийм болгож сургах нь гарцаагүй юм. Тантай хамт ажиллаж буй хүмүүс 1-р Төрөл болон 10-р Төрөл байхаас үл хамаарч тэднийг урамшуулан сэдэлжүүлэх ганц арга бий нь нэгдүгээр төрлийнхөнд зориулсан аргыг ашиглах юм. Ингэхийн тулд та хүмүүст хамгийн их хүсдэг зүйл буюу бие даасан байдал, ур чадвар, зорилгыг өгөх ёстой.

Бие даасан байдал

Таны хийх ёстой эхний зүйл бол хүмүүсээ бие даалгах юм. Даны өгүүлснээр уян хатан байдал нь бие даасан байдал биш аж. Тиймээс ажлын уян хатан цаг нь танд тус болохгүй. Ажилтнуудаа чөлөөтэй ажиллах боломж өгөөд ч тус болохгүй. Бүрэн бөгөөд туйлын бие даасан байдал л үр дүнтэй.

Үүнийг сонсоод та “Юу? Би хүмүүстээ бие даасан байдлыг өгөх ёстой юу? Миний хэлснийг ч хийж чадахгүй хүмүүс шүү дээ. Ийм эмзэг, мэдрэмжгүй ажилтнуудтай байхад яаж үр дүнд хүрэх юм бэ?” гэж бодож байна уу.

Ямартай ч танд туршаад үзэх нэг сайхан шалтгааныг хэлж өгье. Корнеллийн их сургуулийн эрдэмтэд тал нь бүрэн бие даасан байдалтай, тал нь дээрээс заавар авах байдалтай ажилладаг 320 жижиг компанийг судалжээ. Бие даасан байдлыг дэмждэг компаниуд яав? Тэд удирдлагын хяналт ихтэй компаниудтай харьцуулбал 4 дахин хурдан томорч, алдаа гаргах харьцаа нь 1/3 байжээ.

Бие даасан байдлыг бий болгох дөрвөн гол арга бий.

1. Хүмүүсийн хийж байгаа зүйлд нь буюу даалгаварт нь бие даасан байдал өгч болно.

Ажлын тодорхойлолтод нь багтаагүй төсөл дээр ажлын цагийн 20 хувийг зарцуулахыг ажилтнууддаа зөвшөөрдөг Google-ийн 20 хувийн дүрмийн талаар олон хүн сонссон байх. Тэрхүү 20 хувиа ашиглах хугацаанд ажилтнуудынх нь үүсгэсэн бүтээгдэхүүний тоонд Gmail, Google News, Google Talk, Google Translate багтдаг. Гэхдээ эл санааг анх Google нээгээгүй бөгөөд 1948 онд 3М-ийн Уильям Макнайт анх санаачилсан юм. Тэрхүү туршилтын үеэр төрсөн бүтээгдэхүүний нэг болох наалддаг туузны талаар та сонсон байж таарна.

2. Ажиллах хугацаанд нь бие даасан байдал олгож болно

Өглөөнөөс орой хүртэл ажиллахын эсрэг тал нь зөвхөн үр дүнг чухалчилсан гүйцэтгэл буюу ROWE юм. Хэрэв ажлаа дуусгаж чадаж л байгаа бол хүссэн үедээ ажилдаа ирж, явахыг гүйцэтгэх захирал Брэнд Андерсон зөвшөөрсөн Best Buy компанийн төв байрнаас уг санаа эхэлжээ. ROWE-ийг хэрэгжүүлсэн өөр нэг компани бол Meddius юм. Тус компанийн гүйцэтгэх захирал твиттерт өгсөн ярилцлагадаа үүнийг “компанийн эзний хувьд гаргасан хамгийн зөв шийдвэр” гэж нэрлэсэн билээ.

3. Ажлаа хэрхэн хийхэд нь бие даасан байдлыг олгож болно.

Юу хийхийг чандлан хянадаг орчинд ихэнх хүн ажилладаг. Ажлын зааварчилгаа дүүрэн ертөнцөд бид хөдөлмөрлөсөөр ирсэн. Биднийг ч тэгж сургасан. Дуудлагын ихэнх төвүүд гэхэд л заавал тодорхой зааврын дагуу ажиллах ёстой байдгийг та мэдэх байх. Тэгвэл тийм аргаар ажиллахгүй бол яах вэ? Хэрэглэгч нараас ирсэн санал хүсэлтэд дуудлагын төвийн ажилтнууд нь хэрэглэгчийг сэтгэл ханамжтай болтол хариулахыг нь Zappos-ийн захирал Тони Хсей зөвшөөрдөг шиг танайх ажиллавал яах вэ?

4. Хэнтэй ажиллах тал дээр нь хүмүүстээ бие даасан байдлыг өгч болно.

Энэ нь эхний аргатай салшгүй холбоотой юм. Хүмүүсийн хүсдэг зүйлсийн нэг бол хэнтэй үерхэж найзлахаа сонгох боломж юм. Ажлын орчинд ч мөн ялгаагүй. Ажлын цагийн 20 хувийг хэнтэй хамт өнгөрүүлэхийг нь сонгох боломжийг өг, тэгвэл та сэтгэл хангалуун ажилтнуудтай болно.

Ур чадвар

Хүмүүс юмыг сурах, ямар нэг чадварыг гартаа оруулах төрөлхийн хүсэлтэй байдаг. Тэгвэл тийм чадвартай болох нэг нөхцөл, гурван хуулийг танилцуулья.

Урьдач нөхцөл бол Михай Чиксентмихайигийн “урсгал” гэж нэрлэсэн нөхцөл юм. Энэ бол бүх зүйл хоорондоо нэгдэн нийлсэн сэтгэлгээний түвшнийг илэрхийлдэг. Тамирчид үүнийг “тоглолт нь орсон” гэж нэрлэдэг. Энэ бол таны хийх ёстой зүйл болон таны хийж чадах зүйлс төгс хорших явдал юм.

Дан энэ талаар:

“Урсгалд орсон үедээ хүмүүс тухайн цаг мөчөөр гүнзгий амьдарч, цаг хугацаа, орон зай, өөрийгөө мэдрэх мэдрэмжээ хүртэл бүрэн хянаж байгаа мэт санагдана. Тэр бүхэн нь бие даасан мэт санагдахаас гадна хоорондоо нягт холбоотой мэт санагдах болно”. Михайгийн хийсэн алдартай судалгаанаас үзвэл хүмүүсийн амьдралын хамгийн таатай мөчүүүдийн нэг нь “урсгал”-д байсан үе ажээ. Энэ бол урьдач нөхцөл гэдгийг сануулаад цааш үргэлжлүүлье.

Ур чадвартай болох эхний хууль бол сэтгэлгээ. “Дэлхий дээр хоёр л төрлийн хүн байдаг” талаарх бас нэгэн жишээг дурдая. Ухаан, эсвэл ур чадвар дуусашгүй их нөөцтэй ирдэг гэж итгэдэг хүмүүс болон цаг хугацааны туршид хийж буй зүйлдээ суралцан чадварждаг (буюу инкременталистууд) гэж үздэг хоёр төрлийн хүмүүс бий. Энэ хоёр төрлийн хүмүүсийн гол ялгаа нь шаргуу хөдөлмөр юм. Инкременталистууд нь шаргуу хөдөлмөрыг сайн зүйл гэж үздэг, учир нь хичээж ажилласнаар улам сайжирна. Хэрэв энэ санааг М.Гладвеллийн 10 мянган цагийн онолтой холбож үзвэл ур чадвар нь сэтгэлгээ гэдгийг ойлгоно. Ямар нэг зүйлд 10 мянган цаг зарцуулаад анх эхэлсэн газартаа эргээд ирнэ гэдгийг мэдэж байгаа хүн хэзээ ч тийм их цагийг тухайн зүйлд зарцуулахгүй. Тиймээс бодлоо өөрчил.

Хоёрдугаар хууль бол өвдөлт. Дан энэ талаар “урсгал нь хэдий сайхан зүйл боловч ур чадвартай болох зам нь солонго татсан цэцэгт талаар алхахын нэр биш юм. Хэрэв та аяллаасаа таашаал авч чадахгүй бол та зовлон бэрхшээлийг давж, ур чадвартай болж чадахгүй. Заримдаа солонго татсан цэцэгт талаар бус хортой цэцэгтэй талаар аянган дундуур алхах ёстой болно” гэж өгүүлсэн юм.

Ур чадвартай болох гуравдугаар хууль бол асимптот буюу хэзээ ч төгс чадвартай болохгүй гэх хууль юм. Түүхэн дэх хамгийн шилдэг гольфчин Тайгер Вудс ч цаг үргэлж сайжрахыг хичээдэг. Ингэх нь хэцүү адармаатай мэт сонсогдох ч тийм биш юм. Харин ч таныг улам хүчирхэг болгож, танд зорилго өгнө.

Зорилго

Бие даасан байдал, ур чадварыг 1-р Төрлийн хүн болох гурван хөлтийн эхний хоёр хөл гэж бодож байгаа бол зорилго нь тэнцвэрийг бий болгох сүүлчийн хөл байх болно. “Ур чадвартай болохын төлөө хичээж буй бие даасан хүмүүс нь тун дээд түвшинд ажилладаг” гэж Дан хэлжээ.

Гэхдээ бүр агуу зорилгын төлөө зүтгэж буй хүмүүс нь үүнээс ч давсан зүйлд хүрдэг аж. Хүн төрөлхтний хувьд хамгийн том шагнал болох санхүүгийн сэдлээс өөр зорилтгүй аьдардаг хүмүүс урт хугацаандаа хэзээ ч дээд түвшинд ажиллаж чаддаггүй. Үүнийг нотлох хэдэн жишээ бий.

Зарим нь “ашиг олох зорилго”-той, зарим нь “зорилтдоо хүрэх зорилго”-той хэсэг оюутныг судалгаанд оруулжээ. Тэднийг зорилгоо тодорхойлсноос нь хойш хэдэн ажил ажиглахад ямар үр дүнд хүрснийг та бараг гадарлаж байгаа биз ээ.

Ашгийн төлөө зорилго тавьсан оюутнууд түүндээ хүрсний дараа тийм ч аз жаргалтай байгаагүй аж. Харин ч сэтгэлээр унах, депресст орох зэрэг сөрөг зан араншин харуулж байв. Харин өмнөө зорилго тавьсан оюутнууд их сургуулиа төгссөний дараа илүү их сэтгэл ханамжтай амьдарч, сэтгэлээр унах, депресст орох нь тун ховор байв.

Дүгнэлт

Шинжлэх ухаан нь бизнестэй харьцуулвал хүний талаар илүү ихийг мэддэг нь ийн батлагдаж байна. Хэрэв та энэ номд дурдсан бүхнийг хийхийг хүсвэл өөртөө болон хамт ажилладаг хүмүүстээ бие даасан байдал, ур чадвар, амьдралын зорилгыг бий болго. Ингэснээр та илүү аз жаргалтай амьдрах төдийгүй илүү амжилттай байх болно.

0 Хуваалцсан
Хариу үлдээх