Зохиолч: Жон Спенс (John Spence)
Дэндүү энгийн
20 жилийн турш жил бүр бизнесийн 100 ном уншиж, энэ хугацаанд дэлхийн хамгийн том, хамгийн амжилттай компаниудад ажилласан хүн байна гэж төсөөлнө үү.
Тэр хүн сурч мэдсэн бүхнээ 200 орчим хуудсанд хураангуйлан бичжээ.
Харин өөр нэг хүн (тэр нь би) тэрхүү 200 хуудас материалыг 10 минутанд багтаан танд өгүүлвэл яах бол?
Ингээд танд ямар ч бизнесийг томорч цэцэглэн хөгжихөд тустай зургаан алхмыг танилцуулья.
Хоёр төрлийн энгийн байдал бий. "Адармаатай байдлын наад талд буй энгийн байдалд би юу ч өгөхгүй, харин цаад талд нь нуугдаж буй энгийн байдлын төлөө амь насаа ч өгсөн чадна" хэмээн Оливер Венделл Холмсын лдартай үг бий.
Тус номд хоёр дахь энгийн байдлын тухай өгүүлдэг. Энэ номын төлөө та амь насаа өгөх хэрэггүй байх, гэхдээ заавал анхааран уншаарай гэж зөвлөх байна.
Ингээд эхэлье...
Зарчим #1: Тодорхой алсын хараа
Компани чинь эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлстэй байх гэж ёстой надад нэгээс олон хүн хэлвэл би бараг зүрхний шигдээс болох байх. Гэхдээ тэр хүн нь Жон Спенс бол өөр хэрэг. Яагаад?
Түүний өгүүлж буйгаар эрхэм зорилго нь тухайн компани хэний төлөө, яах гэж оршин буйн тодорхойлолт бол алсын хараа нь ямар байгууллага болохоор зорьж буйг, үнэт зүйлс нь байгууллагын хувьд юунд төвлөрөхийг тоймлодог аж. Гэхдээ зарим чухал зүйлийг авч үзэхгүй бол эдгээр нь ямар ч утга учиргүй гэж тэрбээр дүгнэжээ.
Нэгдүгээрт, бидэнд А+ үнэлгээтэй зохион бичлэг хэрэггүй. Харин оронд нь Гай Кавасакигийн санал болгосон арга барилыг ашигла. Сайн алсын хараа нь хэн ч ойлгохгүй эсвэл санахааргүй урт, замбараагүй мэдэгдэл бус харин цөөн үгтэй, хүмүүсийг зорилгодоо анхаархад хүргэхүйц энгийн, давтан хэлж болохоор залбирал шиг байх ёстой юм.
Хоёрдугаарт, магадгүй хамгийн чухал нь, та алсын хараагаа хүн бүхэн сонсохоос залхах хүртэл нь хэлж өгөх хэрэгтэй. Энэ нь багийнхнаа нэг зүгт чиглүүлэхэд хэрэгтэй юм. Энэ нь та бүхэн алтан дунджийг хүлээн зөвшөөрдөггүй, гаргасан төлөвлөгөөг бүгд дагаж мөрддөг болно гэсэн үг юм. Танай эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйл чухам үүний л төлөө байх ёстой билээ.
Хананд хадахад эсвэл жилийн тайландаа оруулахад аятайхан харагддаг учраас л тэдгээрийг ашиглаж байгаа бол танай байгууллага тулаанд ялагдах нь мадаггүй.
Эцэст нь, хэрэв та байгууллагынхаа удирдлага болэрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлээрээ амьсгалдаг байх хэрэгтэй.
Зарчим #2: Шилдэг хүмүүс
Энгийнээр хэлвэл, танай компанийн ирээдүй таны ажилд авсан, ажиллуулж буй хүмүүсийн авьяас, ур чадварын чанартай шууд холбоотой. Шилдэг ажилтнуудыг олж тодорхойлохын тулд дараах таван С-г үргэлж дэргэдээ байлгахыг зөвлөе: Тэдгээр С бол сompetence (чадвар), character (зан чанар), collaboration (багийн ажиллагаа), communication (харилцаа), commitment (тууштай зан) юм.
Хэрэв та эдгээр үзүүлэлтийг хангаж байгаа хүнтэй таарвал тэдэнтэй ярилцаад үзэх хэрэгтэй. Гэхдээ хүн бол хамгийн үнэ цэнтэй капитал гэж олон хүн ярьдаг ч энэ нь тийм биш гэж Жон үздэг. Танай хамгийн авьяаслаг хүмүүс бол танай хамгийн үнэ цэнтэй капитал, харин хамгийн муу ажилтнууд чинь танай хамгийн сул тал юм. Хамгийн муу ажилтан нь тухайн байгууллагад хүлээн зөвшөөрөгдөх гүйцэтгэлийн стандарт болж байдгийг санаарай.
Хөдөлмөрийн зах зээлээс дээрх таван С-г агуулсан ажилтнуудыг олж авсны дараа тэднийг аз жаргалтай байлгаж, хамтдаа гар нийлэн ажиллахын тулд яах ёстой вэ? Бүхий л судалгаанаас үзвэл ажилтнууд нь хоёр чухал зүйлийг эрэн хайж байдаг аж. Тэр нь авьяаслаг хүмүүстэй чухал төслүүд дээр утга учиртай ажил хийх болон хичээл зүтгэлийнхээ төлөө чин сэтгэлийн сайшаал магтаал хүртэх юм.
Сайн мэдээ гэвэл эл тэгшитгэлийн 50 хувийг хангахын тулд танаас ямар ч зардал гарахгүй билээ.
Зарчим #3: Сайн харилцаа
Нээлттэй, илэн далангүй, сайн, хэн нэгнээс эмээдэггүй харилцаа дутагдалтай байдаг нь сул бизнесүүдэд байдаг номер нэг асуудал нь юм. Энэ юу гэсэн үг вэ? Ийм харилцааг бүрдүүлэх гайхалтай энгийн бөгөөд ер бусын хэцүү зургаан шинж чанарыг танилцуулья.
Шударга: Маш энгийн, ерөөсөө цаг үргэлж үнэнийг л хэл. Энэ бол хамгийн эхний алхам бөгөөд хэрэв энэ алхмыг дагаж мөрдөх юм бол таны амьдрал хавьгүй амархан болно.
Хүнлэг: Үнэнийг шударга, шууд хэл, гэхдээ нөгөө хүнээ хүндэл, ойлго. Новш болж хувиралгүйгээр чин шударга байх нь урлаг юм. Шаардлагатай бол энэ төрлийн сургалтад бүртгүүл.
Зориг: Таагүй, эвгүй сэдвийг гаргаж тавих, тэр талаар ярилцахыг шаардах эр зоригтой бай.
Найдвартай: Иймэрхүү хүчирхэг, сайн харилцааг баг, хамт олондоо бий болгохын тулд та юун түрүүнд найдвартай, эрүүл орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Байдлыг үнэнээр нь хэлсэн хүнийг бүү шийтгэ.
Ухааны цараа: Танд энэ санаа таалагдах нь гарцаагүй. Хүмүүсээ "оролдож" болохгүй, харин санааг сайн оролдох хэрэгтэй гэж Жон өгүүлсэн. Бие биенийхээ гаргасан санааг хүндэтгэлтэй байдлаар задлан шинжил, ярилц. Ингэснээр санаа бүрийг улам сайжруулах боломжтой.
Ил тод: Мэдээлэл байгууллага дотор чөлөөтэй "урсаж" байх ёстой. Аливаа боломжийн утга учир, сорилтыг ойлголгүйгээр танай бизнес, танай хүмүүс үүнээс өөрөөр яаж олон сайхан санаа гаргах билээ дээ?
Зарчим #4: Шуурхайлах
Санаагаа бага ч болтугай чилээх ёстой нэг зүйл бий. Сүүлийн хэдэн жилд тоглоомын дүрэм дэндүү өөрчлөгдсөн учраас бизнес эрхлэнэ гэдэг нь байж болох хамгийн бага үнээр, харилцагчаа маш сайн халамажилдаг, харилцагч бүрт яг одоо дээд зэргийн чанарыг хүргэх процесс болж хувирчээ.
Ийм ертөнцөд хурд бүхнийг захирна. Хурдтай болохын тулд ямар үр дүнд хүрэхээ тодорхойлох хэрэгтэй бөгөөд ингэснээр тухайн зорилгын төлөө ажилтнууд өдөр бүр шийдвэр гаргах ёстой. Үүний тулд байгууллага дахь хүнд суртлыг устгаж, хүмүүстээ шийдвэр гаргах эрх мэдлийг нь өгөх ёстой юм.
Байгууллагын хүмүүс өөрийн хэмжээнд тохирсон шийдвэрийг гаргадаг байхын тулд шийдвэр гаргалтын 4 хүчирхэг загварыг Жон гаргаж иржээ.
1-р түвшин бол ажилтан өөрөө гаргах эрхтэй шийдвэр.
2-р түвшин бол байгууллагын холбогдох хүнтэй зөвлөсний үндсэн дээр гаргах шийдвэр.
3-р түвшин бол багийн (хамтын) шийдвэр.
4-р түвшин бол гүйцэтгэх захирлын шийдвэр.
Байгууллага дотроо шийдвэр гаргалтын түвшнийг тодорхойлсон бол үүнийгээ хэрэгжүүлэх ёстой. Хэн нэг нь хариултыг нь мэдэх асуултаа танаас байнга асуудаг, ямар нэг хариуцлага хүлээх хүсэлгүй байгаа бол түүнд энэ бол 1-р түвшний шийдвэр гэдгийг нь ойлгуул.
Харин тухайн хүнд байгууллагын өөр нэг ажилтны тусламж хэрэгтэй нь тодорхой байвал зөвлөгөө авах зөв чиглэлийг нь зааж өг, гэхдээ дараа нь өөрөө шийдвэрээ гаргах ёстой гэж хэлээрэй.
Эцэст нь, хэрэв үнэхээр багаараа шийдэх ёстой зүйл байвал үүнд шаардагдах бүх арга хэмжээг ав. 3-р түвшний шийдвэр шаардагдах нөхцөл байдалтай тун ховор, 4-р түвшний шийдвэр гаргалттай түүнээс ч цөөн удаа тааралдаж байснаа Жон дурдсан нь бий.
Зарчим #5: Сахилга баттай гүйцэтгэл
Амжилтыг бүрдүүлэгч нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бол ажлаа хийж дуусгах гэдгийг Жон номдоо дурддаг. Бүгд л үүнтэй санал нийлэх байх. Гэхдээ хэлэх амархан хийх хэцүү гэдэг шүү дээ. Тиймээс үүнд туслах 9 алхам бүхий процессыг Жон тодорхойлжээ.
Алхам #1: Алсын хараа, үнэт зүйлс. Энэ талаар өмнө ярьсан тул нэмж өгүүлэхгүй.
Алхам #2: Стратеги. Хамгийн их үр дүнг авчрах хамгийн чухал хэдхэн зүйлд анхаарлаа хандуул. Стив Жобс Apple-д эргэж ирээд 15 бүтээгдэхүүнийг 4 болгон танаж байсан билээ. Ингэж төвлөрч чадсан нь түүний компанийг сүйрлээс аварсан юм.
Алхам #3: Тууштай байдал. Танай багийнхан зорилгынхоо төлөө тууштай зүтгэж чадаж байна уу. Үүнийг бий болгохын төлөө хариуцлагатай ажилла, хэрэв тууштай биш байгаа нь ажиглагдвал шаардагдах өөрчлөлтийг хий.
Алхам #4: Нийцэл. Алсын хараанаас эхлээд компанийн ажилтан бүрийн өдөр тутмын ажил нь нэгэн зорилгод чиглэж байх ёстой.
Алхам #5: Системүүд. Аан тийм, системийн тухай хэн ч ярих дургүй. Гэхдээ нислэгийн өмнөх хяналтын хуудсыг уншиж чадахгүй нисгэгчтэй хамт та нисэх үү? Үгүй л болов уу. Гол зорилго нь амжилтыг өдөр тутам давтагддаг зүйл болгох юм. Үүнд хамгийн сайн төвлөр.
Алхам #6: Дэс дараалалтай харилцаа. Та үүнийг одоо давгүй сайн ойлгодог болсон болов уу.
Алхам #7: Дэмжлэг, сургалт. Байгууллагын ажилтан бүр хариуцсан талбартаа сод ухаантан байх боломжгүй. Тэднийг хэрэгцээт дэмжлэг, сургалтаар хангах нь таны үүрэг юм.
Алхам #8: Зохиц, санаачил. Юу хийх вэ, юуг хийхгүй вэ гэдэг бол нэг удаа хуралдаад шийдчих асуудал бус, дуусашгүй процесс юм. Зөв зүйлсийг хэмж, цаг үргэлж засч сайжруулсан үйлдэл хийж бай.
Алхам #9: Шагнал, шийтгэл. Ажлаа гүйцэтгэж чадсан хүнийг сайтар шагна, чадаагүй нэгнийг нь засч сайжруул. Ажилтнуудаа сургаж, тэднийг амжилтанд хүрэх илүү боломжтой албан тушаал руу нь шилжүүл. Харин энэ бүх оролдлого бүтэлгүйтвэл ажлаас нь хал.
Зарчим #6: Харилцагчид онцгой анхаар
Харилцагчаа сайтар халамжлахын тулд та хоёр зүйлд анхаарах хэрэгтэй: харилцагчид чухал байж болох бүх бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэ, хоёрдугаарт тэгж чадах хүмүүсийг ажилд ав. Харилцагчдын хамгийн их хүсдэг зүйл нь найдвартай байдал, халамж, шуурхай хариу, орчин гэдгийг бүх судалгаа харуулдаг.
Энэ бол тийм ч хэцүү зүйлсийн жагсаалт биш. Гэхдээ тийм хүмүүсийг олох нь хэцүү болов уу. Үүнийг хэрхэн гүйцэтгэх талаар Жон дэндүү энгийн зөвлөгөөг номдоо өгчээ.
Харилцагчийн супер үйлчилгээ үзүүлдэг бизнесийг бий болгоход хамгийн чухал нь ажилтнуудын хандлагыг харж ажилд авах, тэднийг ур чадвартай болгож сургах явдал юм.
1 comment
Test comment