“Ирээдүйг кодлогчид” тусгай дугаар
"Мэдээллийн технологи" (МТ) хэмээн барагцаалан ойлгодог энэ ертөнц ололт амжилт, адал явдлаар дүүрэн. Манай МТ салбарынхан программ хангамжийн чанартай бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлж, дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлж байна. Түрүүчээсээ хиймэл оюун ухаан, метаверс, машин сургалт, их дата, IoT зэрэг дараагийн үеийн технологийн зах зээлд хэдийн хөл тавьжээ.
МТ компаниуд тус тусын өвөрмөц шийдлийг санал болгож, тэдгээр нь тус бүртээ хэрэглэгчдийн сонирхлыг татах ч бүх нийтэд тохирох хамгийн шилдэг бизнес загвар бол өргөн хоршил, шинэ давлагааг үүсгэх тэр загвар юм. Тодруулбал, үндэсний хэмжээнд хамтран хоршиж, хөгжлийн дараагийн түвшинд гарах тэр давалгааг үүсгэх.
Өмнө цагт хаад, ноёд, сүм хийд, саяхныг хүртэл, том корпорацууд ихийг өмчилж, хэн их өмчилсөн нь хүчтэй, эрх мэдэлтэй байсаар ирсэн. Тэгвэл өнөөдөр хэр их өмчилсөн нь бус харин хэр их хуваалцсан (sharing), хэр сайн хяналт тогтоосон нь бус хэр сайн холбогдсон (connected), аль болох тусгаарлаж, бие даасан нь бус хэр хэмжээнд нээлттэй байсан нь (open) илүү өндөр өрсөлдөх чадвартай болж байна. Энэ бол мэдлэг, мэдээллийн эриний онцлог.
Мэдээллийн технологийг хөгжүүлж буй авьяаслаг залуучуудын оюуны нөөцийг хооронд холбох, шинэ үнэ цэн, шинэ сүлжээ үүсгэх цахиурын оч одоо хэрэгтэй боллоо. Сэтгүүлийн энэ дугаар бол дээрх үйл хэрэгт зориулж гаргасан бүтээл юм. Та энэ дугаараас энэ үйл хэрэгт зүтгэж, оролцож яваа залуусын талаар уншаарай.